Монгол дахь албан ёсны төвВипашяна бясалгал
Хүүхдийн бясалгал

Хүүхдийн “Анапана” бясалгал

Хүүхдийн дотоод ертөнцийг танин мэдүүлэх, анхаарал төвлөрөл, хүмүүжил болон сэтгэлийн тайвныг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй арга.

Анапана бясалгалын ач холбогдол

Бидний хойч ирээдүй болсон хүүхдийн боловсрол хүмүүжил нь эрдэм мэдлэг, бие бялдарын хүмүүжил төдийгүй тэдний сэтгэл зүй, дотоод ертөнцийг ч гэсэн хамарсан байх ёстой. Харамсалтай нь орчин үеийн боловсролын систем нь зөвхөн эрдэм мэдлэг, бие бялдарын хүмүүжил боловсролыг голлон анхаарч, сэтгэл зүй, дотоод ертөнцийг ерөнхийд нь мартаж орхисон байна.

Хүүхдийн боловсрол нь гадаад материаллаг ертөнцийг таньж мэдэх хийгээд өөрсдийн дотоод ертөнцийг таньж мэдэх гэсэн 2 ангилалтай байдгийг орчин үеийн боловсролын систем дутуу харсан бололтой.

Хүүхдийн гадаад ертөнцийн талаар олж мэдсэн эрдэм мэдлэг, авъяас чадвар нь тухайн хүүхдэд ирээдүйд амьжиргаагаа олоход нь туслах бөгөөд хүүхдийн дотоод ертөнцөө таньж мэдсэн боловсрол нь өөрийгөө хийгээд бусдыг амгалан амьдруулах арга ухаанд сургадаг байна.

Энэ арга бол ямар ч шашны урсгалаас ангид, шинжлэх ухааны үндэслэлтэй, ач тус нь шууд илтэд мэдрэгдэх хүүхдийн бясалгал “Анапана” юм.

“Анапана” гэдэг нь өөрсдийн орж гарч буй бодит амьсгалыг өөрөө ажиглан мэдэх гэсэн утгатай үг. Энэхүү бясалгал нь хүүхдийг одоо цагт амьдарч сургадаг бөгөөд хүүхдийн сэтгэл оюунд үүсэгч ил далд хир буртаг, буруу зуршлыг арилгахад тусалдаг байна.

Хүүхдийн “Анапана” бясалгалыг ерөнхий боловсролын сургуулиуд хийгээд бясалгалын төвүүдэд зохион байгуулдаг.

6-18 насны хүүхдүүд хэд хэдээрээ тусгай хэсэг болон хуваарилагдаж, зөвлөх багш нараас заавар зөвлөмжийг авч, бясалгалын аргыг сайн сурч, түүнийгээ хүүхэд насныхаа амьдралын салшгүй хэсэг болгоход суралцана.

“Анапана” бясалгал хийснээр хүүхдийн сэтгэл орж гарч буй амьсгал дээр төвлөрч, сэтгэлийн амгалан тайвныг мэдэрч эхэлдэг.

Бидний сэтгэлд үүсэх уур хилэн, айдас хүйдэс гэх мэтийн хир буртаг нь бидний сэтгэлийг тайван бус байдалд оруулдаг учраас сэтгэлээ юуны өмнө тодорхой хэмжээнд тайвшруулахын тулд уг “Ананапана” бясалгал нь ёс суртахууны 5 зарчим дагаснаар эхэлдэг.

  • Амьтны амь хөнөөхгүй байх
  • Хулгай хийхгүй байх
  • Худал хэлэхгүй байх
  • Архи тамхи хэрэглэхгүй байх
  • Бусдыг хорлохгүй байх

Хүүхдүүд бясалгал хийж байгаа болохоор эдгээр сургаал зөвлөмжийг сэтгэлдээ шууд тусган авах нь ажиглагдсан бөгөөд ингэснээр хүүхдүүд өөрсдийнхөө сэтгэл оюуныг ажиглахад суралцаж эхэлдэг.

Хүүхдүүдийн сэтгэгдэл

“Энэ бясалгалд суугаад их сайхан байна. Найз нар минь бүгдээрээ суугаасай.”
“Энэ бясалгалыг хийснээр би их тайван боллоо.”
“Миний сэтгэл сармагчин шиг тогтворгүй болохыг би мэдлээ.”
“Би их ууртай. Анапана бясалгал хийхээр уур минь алга болдог.”
Аль болох олон хүүхэд зөв замд орж, улс орны ирээдүй гэрэлтэн гийх болтугай.
Үйл ажиллагаа

Сургуулиудад хэрэгжүүлж буй хүүхдийн бясалгалын төсөл

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын анхаарал төвлөрөл, хүмүүжил, сэтгэл зүйн боловсролыг дэмжих зорилготой “Анапана” бясалгалын хөтөлбөр.

6517 хүүхдэд сургалт зохион байгуулсан

Манай төвийн мeнeжмeнтийн багийн хамт олон “НОМЫН НӨХӨД” грүппийн буяны садангуудын хамт улсын болон хувийн сургуулиудын нийт 6517 хүүхдэд “Анапана” бясалгал заагаад байна.

Өдөр бүр 10 минутын бясалгал

Хичээл эхлэх болон тарахын өмнө өдөр бүр 10 минут тогтмол бясалгал хийлгэснээр хүүхдийн төвлөрөл, хүмүүжил, тайван байдалд бодит үр дүн гарч эхэлж байна.

Давтан сургалт ба судалгаа

Давтан сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчидтэй хамтран үр дүнгийн судалгаа хийж байна.

Хүүхдийн хүмүүжил ба тайван байдал

Бясалгалын дадал нь хүүхдийн дотоод амар тайван, зөв хандлага, эерэг хүмүүжил төлөвшихөд бодитой дэмжлэг үзүүлдэг.