Випашяна бясалгалын танилцуулга
Випашяна гэдэг нь “бодит үнэнийг байгаагаар нь харах” гэсэн утгатай үг юм. Випашяна бясалгал нь өөрийгөө ажиглах замаар сэтгэлээ ариусгах учир үндэслэлтэй арга билээ. Хүмүүн бээр цаг үргэлжид сэтгэлийн тэнцвэрээ алдан, уур уцаар, харуусал гуниг, хүсэл шунал зэргийг үүсгэснээс болж шаналан зовж байдаг. Зөвхөн өөрөө зовоод зогсохгүй өрөөл бусдыг ч гэсэн зовоосоор байдаг. Мэдээж хэрэг энэ нь зөв амьдрах арга зам биш нь тодорхой. Бид амар амгалан амьдарч өрөөл бусдыг ч аз жаргалтай амьдрахад нь тусалдаг байх учиртай. Бид нийгмийн гишүүнийхээ хувьд бусадтай харилцахгүй байх аргагүй байдаг. Иймд яавал бид өөрснөө амгалан тайван амьдарч, ойр орчноо энх тунх байлгах вэ? Випашяна бясалгал нь биднийг зовлонгоос, зовлонгийн гүн үндэстэй шалтгаанаас чөлөөлж, сэтгэлийг ариусгаснаар үнэн амгалан аз жаргалыг мэдрүүлдэг. Энэхүү бясалгал нь хүмүүнийг алхам алхамаар урагшлуулсаар сэтгэлийн хамаг хир буртаг, нисваанисаас чөлөөлж, оюун ухааны дээд оргил болох төгс гэгээрэлд хүргэдэг. "Бясалгалын арга": Чадвар бүхий багшийн удирдлага дор зориулалтын төвд 10 хоногийн бясалгалд хамрагдсанаар та энхүү бясалгалд суралцаж эхлэх боломжтой. Бясалгалын явцад бясалгалын төвийн хязгаарт байж, гадны ямар ч хүнтэй харилцахгүй байх ёстой. Унших, бичих болон шашны зан үйл үйлдэх, тарни маани тоолох зэргийг тэвчих хэрэгтэй. Өдөрт хуваарийн дагуу 10 орчим цаг сууж бясалгах журамтай. Мөн эхний ес хоногийн турш нам гүм байж, хамтран бясалгагч нартайгаа дохио зангаагаар ч харилцахыг тэвчин дүрэм горимыг чандлан сахих ёстой. Бясалгалын тухай асуудлыг багшаасаа асууж, өөрт тохиолдсон бэрхшээлийн талаар зохион байгуулж буй хүмүүсээс цөөн хэдэн үгээр лавлаж болно.




